Sienna
2009-01-26
Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (4)

Ангилал: Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (Тууж)

Энэ чинь зүгээр ч нэг сэтгэл татаад байгаа хэрэг биш байж. Соёлоо яагаад ингэж сэтгэл нь догдлоод байж сууж чадахгүй байснаа ойлголоо. Зүүднийх нь үргэлжлэл мөн юм бол Төгөлдөр зөвхөн түүний хайр сэтгэл, тэр хоёр зөвхөн бие биедээ л зориулагдаж энэ ертөнц дээр төрсөн байх учиртай сан. Хэрвээ тийм биш бол ийм гайхалтай учрал болох байсан гэж үү...

За ямар хоол захиалцгаах вэ гэсэн Энхээгийн дуу Соёлоог мэлэрсэн байдлаас нь гаргалаа. Хоол идэж байхдаа нөгөө гурав нь ажил төрөл ойр зуурын зүйл ярилцаж, Соёлоо чимээгүйхэн чагнасан шиг сууж байлаа. Ердөө л Төгөлдөрийн хажууд сууж, түүнийг хажуудаа байгааг мэдэрч байгаа нь түүнд хангалттай. Хоолоо идэж байхдаа инээд нь ихэд хүрч байгааг мэдрэв. Хоол ингэж амтгүй болно гэж мөн байдаг аа. Соёлоо хоолныхоо ямар амттайг огт мэдэрч чадахгүй байлаа. Шарсан төмс, салатууд, амталсан мах бүгдээрээ ямар ч амтгүй, эрхгүй л нэг зажлагдаад хоолойруу нь орж байв.

Туяка хоолоо идэнгээ хүүе Соёлоо чи нээрээ яагаад нүүрээ будаагүй юм бэ, энэ халуун наранд амархан харлана шүү гэв. Энхээ үгийг нь  тосч аваад, харин тийм эмэгтэй хүмүүс чинь будаггүй явсанаас хувцасгүй явсан нь дээр гэдэг биздээ гээд бас л инээлээ. Энэ үед Төгөлдөр нээрээ будаггүй юм уу гэсэн аятай Соёлоог нэг том хартал, өөрийг нь сэмээрхэн харж байсан Соёлоотой харц тулгарав. Нууцаар харж байж баригдсан Соёлоо ичсэндээ урдаа байсан цайг шүүрэн авч, нэг том балгатал буруу хоолойгоор нь орж золтой л хахаж үхэхээ шахлаа. Төгөлдөр сандарсандаа нурууруу нь хоёр гурван удаа  хүчтэй гэгч нь цохиж орхив. Хэд хэд ханиагаад Соёлоо арай хийж гайгүй болтол чи чинь одоо яачихаа вэ хоол ч идэж чадахаа байгаа юу, Төөгөө чи одоо яасан чанга цохидог юм бэ нурууг нь хугаллаа хэмээн Туяка үглэсэн ээ, өө энэ Төгөлдөрийн гарыг хараач ээ хэмээн дуу алдлаа.


Төгөлдөр гараа хараад өө яанаа, одоо яанаа гэж сандарлаа. Шарсан хавирга идэж суусан Төгөлдөр Соёлоог хахаж цацахаар нь тостой гараараа нурууг нь цохиод Соёлоогийн подволкон дээр тостой хурууны томоо мөр үлдээчихсэн байх нь тэр. Зүгээр зүгээр очоод угаачихая санаа зоволтгүй гэж Соёлоог арайхийн дуугартал, Туяа юу зүгээр гэж, энэ тосны толбо арилах ч үгүй, хайран подволк боллоо. Төгөлдөрөө чи төлж өгөхөөс өөр аргагүй болж дээ гэснээ, ерөөсөө өнөө орой ажил тараад нэг газар бүгдээрээ жаахан сууя, Төгөлдөр тэгж л гэмээ цайруулаг гээд Энхээ рүү дэмжлэг эрэн харлаа. Энхээ түүнийг уухайн тас дэмжиж нээрээ тэгэе л дээ орой найман цаг гээд Соёлоо хүрээд ирнэ биз гэлээ. Төгөлдөрийн царай нэг л зэвхийрээд явчих шиг Соёлоод санагдлаа. Уулзах дургүй байгаа юм байх даа...


Төгөлдөр яах ч аргагүй байдалд орох шиг боллоо. Өнөө оройг тэрээр аль хэдийн төлөвлөчихсөн байсан билээ. Хүний хувцасыг тос болгочихоод байдаг, энэ  хоёр орой гар
ая гэж шахаад байдаг. Яасан ч байсан гэлээ Соёлоог гомдоомооргүй санагдлаа. Би жаахан ажилтай гэхдээ та нар сууж бай л даа, би есөн цаг гээд ажлаа амжуулчихаад хойноос чинь очьё гэж хэлж орхив. Энхээ Туяка хоёр жаахан маргасан боловч, сүүлдээ зохицоод тэр гурав сууж байх, араас нь Төгөлдөр ирэхээр болоод цайны цаг дуусч байсан тул кафенаас яарасхийн гарцгаалаа.

Соёлоо тэр гурваас салаад дэлгүүр ороод харихаар шийдэн их дэлгүүр тийш зүглэн явлаа. Орой уулзая гэж хэлэхэд Төгөлдөрийн царай хувирч дургүйцэх шахсаныг ганцхан тэр л ажигласан билээ. Тэгээд дараа нь орой хойноос ирнэ гэж тохирсон.Харин яагаад хамтдаа явахаас дургүйцсэн юм бол, нээрээ тийм хойшлуулж болохгүй ажилтай байсан юм бол уу. Тийм бол орой амжиж ирэх бол уу. Эсвэл тэр өөртэй нь, Соёлоотой уулзахаас дургүйцээд байгаа юм бол уу. Үгүй ээ тэр орой ирнэ гэж хэлсэн шүү дээ гэж бодонгуут, түрүүхэн цохиулсан нуруу нь хөндүүрлэн өвдлөө. Өө нээрээ яаж тостой хувцастай дэлгүүр хэсээд явж байдаг юм харья, тэгээд ч орой ирэхдээ нэг эмэгтэй хүн шиг нүүр царайтай ирэе. Төгөлдөр оройтсон ч гэсэн заавал ирнэ гэж бодсоор гэрлүүгээ эргэн аажимхан алхан харьлаа.


Төгөлдөр ажлынхаа өрөөнд эргэн ирээд хүн байхгүй байсан тул хөгжимөө чангалан хэсэг суув. Өнөөдөр орой тэрээр Уянгаагийн эмээг эргэх ёстой байлаа. Уянгаагийн эмээ нь Төгөлдөрт дэндүү сайн, тэгээд ч Төгөлдөр өөрөө эмээ өвөө дээрээ өссөн болохоор өөрийн эмээ шигээ л ханддаг билээ. Харин ойрын үед эмээгийнх нь бие жаахан чилээрхүү байгаа болохоор Оргил рашаан сувилалд арав хоног амрахаар явсан. Тэгээд л өнөөдөр Уянгаатай ажил тарахаар хамтдаа явж, эмээг нь эргэхээр өчигдөр тохиролцон билээ. Ядаж өглөө утасдаад орой Уянгаа бид хоёр очно гээд хэлчихсэнийг хэлэх үү. Маргааш очно гэхээр настай хүнд хэлчихсэн харуулдаад байж байх, эмээг нь эргэчихээд Уянгааг хүргэж өгөөд найм жаахан өнгөрөөд л очихоос. Төгөлдөр гэнэт өөрийгөө гайхлаа, яагаад ч юм бүх юмаа хаяад Соёлоотой орой уулзмаар санагдлаа гэж үү. Түрүүхэн танилцахад өөрийнх нь нэрийг хэлээд түүндээ ичээд нүүр нь улайгаад сууж байсан ямар ч будаггүй шунх түрхээгүй Соёлоог эргэн санав. Угаасаа л Төгөлдөрт нүүрээрээ дүүрэн өнгө өнгийн будаг түрхсэн, хамрыхаа үзүүрийг хүртэл будах шахсан охид хэзээнээсээ таалагдаж байгаагүй билээ. Төгөлдөрийг харахад өөр рүү нь харж байгаад харц тулгарсандаа ичээд хахаж цацсан нь санаанд нь дахин орж, Төгөлдөр өрөөндөө зөндөө ганцаараа инээлээ. Соёлоо түүнд үнэхээр таалагдаад байгааг тэр мэдэрчээ. Орой заавал уулзах ёстой, яасан ч байсан орой Соёлоотой уулзана даа...


Төгөлдөрийг жаахан байхад бүүр тавхан наснаас нь эхлэн харах хүн байхгүй гэдэг шалтгаанаар аав ээж хоёр нь хөдөө эмээ өвөө дээр нь аваачиж орхисон билээ. Хөдөө ч гэж дээ төв аймаг. Тэгээд л тэндээ өсч том болоод, их сургуульд сурах жилээ хотод шилжиж ирсэн сэн. Аав ээж нь хааяа даа тэднийд очно, зун бас ирж амарна. Заримдаа Төгөлдөр тэднийг дагаж хотод гэртээ хэд хононо. Тэгээд л жинхэнэ эмээ өвөөгийн хүү болж өсчээ. Өвөө нь угийн л дуу цөөтэй хүн, харин эмээ нь ажилсаг дуу шуутай, орсон гарсанд цай идээтэй, толиотой хөнгөн шингэн хүн байсан сан. Харин Төгөлдөр өвөөгөө дагаад ч тэр үү, гурвуулаа цөөхөн ам бүл болоод ч тэр үү, үг дуу цөөтэй хүнд санаснаа нээж илэрхийлж хэлэхдээ муу, харин хүн чанар сайтай өссөн билээ. Асууж шалгаахаас наана хүнд элдэв юм ярьдаггүй, дуу цөөнтэй томоотой болохоор нь ажлын газрынхан нь хүртэл одоо болтол түүнийг найз охинтой гэдгийг мэдээгүй, хааяадаа орж ирж байгаа охидтой холбож шоолоод л сууцгааж байдаг билээ. Төгөлдөр нэг удаа найз охинтой гэтэл өрөөнийхөн нь танилцая гэж шалаад, орой нэг газар жаахан суухдаа Уянгааг хүрээд ир гэтэл Уянгаа яршиг яршиг гээд ирээгүй, тэгээд л өнгөрсөн билээ.


Уянга бол Төгөлдөрийн эхлээд нэг ширээнийх нь анд байгаад сүүлдээ сайхан үерхдэг найзууд болоод эцэст нь хосууд болоод хамтдаа олон жилийг үдэж байгаа билээ. Дунд сургуульд тэр хоёр бүтэн арван жил нэг ширээнд суусан хоёр, нэгдүгээр ангид ороход нь хуваарилсан тэр ширээн дээр арван жил хамт сууж сургуулиа төгссөн дөө. Дунд сургуулийн 8, 9-р ангиас эхлээд ангийн нь хүүхдүүд зарим нь ширээгээ сольж сууцгаах нь ихсэж, ихэвчлэн охид хөвгүүдээрээ суух болсон ч тэр хоёр  л суудлаа солиогүй хамтдаа суусаар байсан. Ангийнханыхаа шоолсон элдэв зүйлийг сонсоод Төгөлдөр тоох ч үгүй байдаг бол Уянгаа харин ам хэлээ билүүдэн шоолсоныг нь буцаан шоолж, инээхдээ инээж уурлахдаа уурладаг байсан ч Төгөлдөртэй нэг ширээнд суусан хэвээрээ байсаар төгссөн билээ. Нэг мэдэхэд бие биедээ их дасчихсанаа мэдсэн юм. Аравдугаар  ангиа төгсөх, конкурсэд бэлтгэх гээд бүх л зүйлд дандаа хамтдаа байж, бас ч үгүй ангиасаа гарсан ганц хос гэдэг цолтой болсон сон.


Төгөлдөр бусадтай адилхан хайртай дуртай гэж гүйж, нойр хоолноос гарч шаналж байсангүй, сэтгэл зүрх нь догдолж хөөрч баярлаж, Уянгааг учиргүй үгүйлж ч байсангүй. Зүгээр л олон жил хамт байж дасаад Уянгааг өөрийнхөөрөө хайрлах болж, үүрд хамтдаа байхаар шийдсэн билээ. Баяр болсон ч гэлээ Уянгаагийн заасан бэлгийг нь аваад өгчихдөг, ороё гэсэн газарт нь орчихдог, аливаа зүйлд ихэнхдээ санаа нийлдэг хэрүүл шуугиангүй хос билээ.

Харин Уянгаад Төгөлдөр бүр бага байхын таалагддаг байсан. Тэгээд  бусад охидоос харамласандаа дандаа хамт сууж, дандаа хамт хичээл давтаж, оройтож харих бол гуйж шалсаар байж хүргүүлдэг байсан ч сүүлдээ Төгөлдөр өөрөө санаачлагаараа хүргээд өгчихдөг болсон. Хүний нүдэнд томоотой харагддаг ч гэлээ тулаад үерхээд ирэхлээр хөгжилтэй, түшигтэй Төгөлдөрийг өөрт нь дасаад хайртай болсоны дараа л Уянгаагийн санаа амарсан билээ. Тиймээс хардаж сэрддэггүй, ажилруу нь утасдаж шалгаах болоод ажил дээр нь очих ч туйлын дургүй. Өөрийнхөө ажил дээр ч Төгөлдөрийг ирүүлэх дургүй. Төгөлдөрийн бас Уянгаагийн гэрийнхэн бүгдээрээ л тэр хоёрыг дэмждэг болохоор ирэх жилийн намрын билэгтэй сайн өдрүүдээр хуримаа хийж нэг гэрт орохоор тохиролцчихсон байгаа. Хайртай хүндээ итгэдэг болохоор Уянгаагийн сэтгэл амар, бас жаргалтай, хар багаасаа үерхсэн Төгөлдөр тэр хоёр энэ хугацаанд хааяа ам зөрөх явдал байдаг хэдий ч, хэрэг мандаан муудалцаж хэрэлдэж байсангүй ээ.

 

Нэг л мэдэхэд ажлын цаг өнгөрлөө. Төгөлдөрийн гар утас дуугарч Уянгаагаас мэссэж ирлээ. “Сайн уу, гэрт долоо гээд ирээрэй, би харьж эмээгийн дуртай хоолыг хийгээд байж байя. Эмээ дээр эртхэн очьё” хэмээсэн байх нь тэр. Төгөлдөр яагаад ч юм Уянгаад ажил гараасай гэж орой болтол дотроо хүсэж байсан хэдий ч талаар болж орхив. Уянгаа ажлаа тарж очоод хоол хийсээр байтал долоон цаг хэдийнэ өнгөрчихнө. Тэгээд сувилалруу очсоор байтал найман цаг, уулзаад буцаж Уянгааг хүргэж ирсээр байтал есөн цаг. Соёлоо тэгтэл яваад өгвөл яах вэ? Намайг хэлсэндээ хүрдэггүй дэмий залуу гээд бодчихвол яана. Тэгтэл бас Уянгааг эмээ рүү нь ганцааранг нь явуулах гэж үү. Эмээ нь намайг бас ирнэ гээд хараад сууж байгаа шүү дээ. Төгөлдөрийн толгой бараг өвдөх шахлаа. Утас дахин дуугарч дахиад л мэссэж. Туяка бичсэн байлаа. Ажлаа хурдан дуусгаад бид гурав дээр ирээрэй, мартав. Төгөлдөр шийдэж ядан байснаа хувцасаа өмсөн, ажлаасаа яаран гарчээ.


Comments

2014-12-02 -

Бичсэн: Зочин

үргэлжлэлийг нь хаанаас унших уу

. Шууд холбоос


2009-01-27 -

Бичсэн: Богиня

Эхний хэсгийг нь уншиж байгаад Төгөлдөр найз охинтой юм шиг болоод ирэнгүүт ээ чааваас гэж бодогдлоо шүү хэ хэ.
Үргэлжлэлийг нь хурдан бичээрэй хө. Хурдхан уншмаар санагдаад байна batting eyelashes

. Шууд холбоос


Зөвхөн Sienna миний зохиосон өгүүллэг туужуудыг та бүхэнд танилцуулахыг хүслээ. Ажлын ачааллаа түр мартаж энэхүү блогт айлчлаарай

Сүүлийн бичлэгүүд

. "Таван жилийн дараа" туужийн төгсгөлийн 4 бүлэг
. Анхны ном ''Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл '' маань хэвлэгдлээ.
. Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (4)
. Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (3)
. Мөрөөдлийн шинэ жил
. Бvтэлгvй ч гэлээ ....... eдeр
. Четгер авмаар Valintine's Day
. Хөөрхөн
. Хайрын тeлeeх сvvлчийн тэмцэл (2-р бvлэг)
. Хайрын тeлeeх сvvлчийн тэмцэл (1-р бvлэг)
. Жаргал хүссэн хайрын захидал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 3 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax