Sienna
2009-01-26
Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (3)

Ангилал: Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (Тууж)

Аан Төгөлдөр чөлөө аваад хөдөө явчихсан даа. Ирэх долоо хоногоос ирнэ хэмээн өнөөх залуу хариулаад, үргэлжлүүлэн тоглож гарав. Тийм үү алив гарая гарая гээд Туяка ичиж улайсан Соёлоог дагуулан гадаа гарлаа.  За тэгээд дахиад компьютер чинь эвдрээ юу, эвдэрсэн юм бол бариад ирэхгүй яагаад орхиод ирээв хэмээн Туяка инээд алдан Соёлоогоос асууна. Үгүй харин тийм жаахан эвдрээд юм асуух гээд хүрээд ирлээ хэмээн үгээ олж ядан байгаа Соёлоог хараад за найздаа үнэнээ хэлчих манай ажлын залуу таалагдаа юу, эсвэл дурлаа юу гээд Туяка шалж гарав. Соёлоо аргагүйн эрхэнд хамаг үнэнээ Туяад өчихөөс өөр арга олдсонгүй. Ямар сонин юм, чиний нөгөө хүн халдаадаггүй хөндий хүйтэн сэтгэл чинь хаачаа вэ хэмээн шоглон асуугаад, за за үнэхээр таалагдаад байгаа юм бол найз нь ирэхээр нь танилцуулаад сайхан шоу зохиогоод өгье хэмээн ам алдлаа. Соёлоо өөрийн эрхгүй баярлан зөвшөөрөөд, тэрнээс хойш өнгөрөх өдөр бүрийг тоолон Туякагаас ирэх хэл чимээг хүлээн сууж байтал, харин өнөө өглөө хүсэн хүлээж байсан мэссэж нь иржээ.

Соёлоо Төгөлдөртэй уулзахад зориулан өөрийгөө хэр чадлаараа гоёлоо. Өөртөө хамгийн их зохидог хүзүү цээжээ үл ялиг ил гаргасан нимгэн цамцаа өмсөж, хол газраас авч ирсэн ганган сандаал, үл ялиг бариу юбкатай сонгон өмсөөд, толины өмнө эргэлдэн ажлаа. Үгүй ээ арай л ганган байх шиг байна уу даа, за зун цагт чинь бүгдээрээ л ийм хувцас өмсдөг шүү дээ хэмээн өөрийгөө тайтгаруулсан боловч дахин шүүгээгээ онгойлголоо. Төгөлдөр тэгсэн чинь даруу охидод дуртай байвал яана аа. Даруухан подволк пүүзээ өмсөөд явдаг юм билүү, үгүй яаж энэ хар халуунд пүүз өмсөж явах билээ хэмээн толгойгоо гашилган, хамаг хувцсаа гарган, нэг өмсөж нэг тайлж байж арай гэж хувцаслаж дуусав. Сонин юм даа Ханболдтой уулзахдаа ч ингэж хамаг хувцасаа хөглөрүүлж байгаагүй юм даа гэсэн бодол тэрүүхэн хооронд толгойд нь харван орж ирэв. Дараа нь нүүрээ жаахан бүдэгхээн будах гэтэл гар нь бараг салгалж байгааг анзаарлаа. Юу л болоод догдлоод байна даа би.

Ганцхан удаа харсан залуугийн төлөө ингэж хүчтэй зүрх цохилно гэж үү, ямар жаахан арван жилийн сурагч байгаа бишдээ ингэж хаа хамаагүй хүний төлөө догдлоод байхдаа яахав хэмээн Соёлоо өөрийгөө дотроо шоолонгуй байлаа. Бушуухан очиж Төгөлдөрөө харах юм сан, бушуухан нэг цаг нь болоосой гэж бодсоор хамгийн дуртай үнэртэн болох кензогоо цацлаа. Дахиад жаахан цацдаг ч юм билүү.  Соёлоо дэндүү хүчтэй дарсанаас хэтэрхий их ус цацарч, түүний нүүр хүзүү, хувцаснаас тэр чигээрээ үнэртэй ус сэнгэнэн үнэртлээ. Яанаа шал дэмий юм боллоо, одоо яаж ийм их ус үнэртүүлээд очих вэ дээ юу ч гэж бодох юм билээ. Бушуухан усанд ороё, чөтгөр ав гэж. Соёлоо хурдхан усанд орчихоод гараад ирвэл цаг аль хэдийнэ  арван хоёр цаг гучин минут өнгөрч  байх нь тэр. Нэг цагтаа очихгүй бол баларлаа. Хүн хүлээлгэвэл найдваргүй этгээд байна  гээд дүгнэчихвэл яанаа хэмээн санд мэнд хувцасаа сольж орхиод, нүүрээ ч будалгүй юун тэр үнэртэй устай манатай яаран гэрээсээ гарлаа. Ядаж байхад цайны цагаар хотын гудамж түгжрэл ихтэй байдаг нь жам гэлтэй.

Очих замдаа найз бүсгүйрүүгээ гялс мэссэж бичлээ.
Найз нь одоо очиж явна, та хоёрын хоол идэх газар шууд яваад очье, хаана сууж байгаа вэ гэж бичээд утсаа атган хариу хүлээв. “Пийк кафед сууж байна.Төөгөө байгаа шүү, гэхдээ ажлын нэг залуу бас хамт байна, юутай ч чи хурдан ир” гэсэн хариу утсанд нь иржээ.
Пийк кафегийн өмнө таксинаас буусан Соёлоо дотогшоо орвол, цайны цаг болохоор
ч тэрүү нилээд их хүнтэй байх ажээ. Нүдээрээ Туякаг хайсаар хамгийн цаад талын ширээн дээр хоёр залуутай сууж байгааг олж харлаа. Цаашаа хараад сууж байгаа залууг нь харвал Төгөлдөр мөн юм шиг харагдана. Тээр яг л ийм нуруутай даа гээд бодонгуут өөрийн эрхгүй хацар нь халуу оргиод ирэв.

Сайн уу хэмээн Соёлоо бүгдтэй нь аяархаан мэндлэв. Хүүе сайн уу замын бөглөө их үү хэмээн Туяка асуугаад, энд суучих хэмээн Төгөлдөрийн хажуугийн сандлыг заалаа. Танилц энэ хоёр манай ажлын залуу, харин энэ бол манай багын маань сайн найз бүсгүй гэж Туяка танилцууллаа. Туякагийн хажууд сууж байсан инээд алдсан шар залуу хүүе дуртайяа танилцая намайг Энхээ гэдэг, нас гэвэл хорин зургаа, нарийн яривал ганц бие залуу хэмээн хөгжилтэй гэгч нь хэлээд их л сонирхсон байдалтай гар барин атгав. Харин хажууд нь сууж байсан Төгөлдөр бид чинь урдны танилууд биз дээ, гэхдээ харин гар барьж танилцаагүй юм байна хэмээгээд Төгөлдөр гэж гараа өглөө.

Соёлоогийн дотор нэг л цэлмэх мэт болоод хүүе намайг мартаагүй байна, таньж байна гэж бодохоор нэг л сайхан санагдаж зүрх нь хажуугийн хүнд ч дуулдахаар хүчтэй лугшиж эхэллээ. Тэгээд хариу гар барихдаа нэрээ хэлэх гээд өөрийн эрхгүй Төгөлдөр гээд хэлчихлээ. Үүнийг сонсоод Туяка тас тас инээж, Энхээ гайхан тэгээд нэр чинь Соёлоо юм уу Төгөлдөр юм уу хэмээн шалгаалаа. Яанаа уучлаарай Соёлоо байхгүй юу хэмээн ичсэндээ хоёр чих нь хүртэл улайсан Соёлоог хэлтэл аан тийм байлгүй дээ хэмээн Төгөлдөр хэлээд Соёлоогийн гарыг чанга атгалаа. Тэгээд СОЁЛОО ГЭЖ САЙХАН НЭР ШҮҮ хэмээн гэнэтхэн хэлэх нь тэр. Соёлоо цочих мэт болж Төгөлдөр өөд харсан боловч тэрээр огтхон ч гайхалтай зүйл хэлсэн шинжгүй цайгаа уун суусаар. Урд шөнийн зүүдэнд нь нэгэн танихгүй бүсгүй яг ингэж хэлсэн нь түүнд тов тодхон санагдав. Энэ чинь зүүдний үргэлжлэл гэж үү....


Comments

Зөвхөн Sienna миний зохиосон өгүүллэг туужуудыг та бүхэнд танилцуулахыг хүслээ. Ажлын ачааллаа түр мартаж энэхүү блогт айлчлаарай

Сүүлийн бичлэгүүд

. "Таван жилийн дараа" туужийн төгсгөлийн 4 бүлэг
. Анхны ном ''Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл '' маань хэвлэгдлээ.
. Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (4)
. Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (3)
. Мөрөөдлийн шинэ жил
. Бvтэлгvй ч гэлээ ....... eдeр
. Четгер авмаар Valintine's Day
. Хөөрхөн
. Хайрын тeлeeх сvvлчийн тэмцэл (2-р бvлэг)
. Хайрын тeлeeх сvvлчийн тэмцэл (1-р бvлэг)
. Жаргал хүссэн хайрын захидал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax